10 хоног ламын амьдралаар амьдарсан минь буюу Випашяна бясалгал
- Nunu

- Aug 21
- 5 min read
10 хоног нийгмээс тусгаарлагдаж
10 хоног юу ч ярихгүй
10 хоног цагаан хоол идэж
10 хоног өдрийн 10 цаг буюу нийт 100 цагийн бясалгал хийж үзсэн туршлагаа хуваалцъя.
Жич энэ зөвхөн миний өөрийн үзэж туулж мэдэрсэн туршлага дээр үндэслэсэн гэдгийн анхааран уу. Мөн энэ ямар нэг шашны урсгал биш мөн би ямар ч шашин шүтдэггүй болно.
Випашяна бясалгалын тухай найз нараасаа олон удаа сонсож явж үзэхийг хүсдэг байсан ч судалж үзэхээр бусад урсгалын бясалгалаас хамгийн хатуу нь байсан учир бас эргэлзэж л байлаа. Тэгэхдээ сэтгэл хөдлөлийг удирдах, тогтвортой байж зөв шийдвэр гаргах, стресс бухимдлаас салах гэх мэт сэтгэл зүйн эрүүл мэнд дээр ажиллах нас маань ч болсон юму цаанаасаа тохио нь ирсээр цаг нь болж явсан байдаг юм.

Тэнд өдөр ингэж эхэлдэг. Үүрийн 4 цагт хонх дугарч бясалгалаа хийж эхэлнэ. 6 хүртэл 2 цаг тасралтгүй сууна. Эхний 3 өдөр нь Анапана нэртэй амьсгал дээр төвлөрдөг бясалгал заана. Энэ нь хамраар орох гарах амьсгалыг мэдэрч зөвхөн түүн дээр анхаарлаа төвлөрүүлэн гэсэн үг юм байна лээ. Сонсоход их амархан ажил шиг байгаа биз. Гэвч юу ч бодохгүй амьсгалыг анзаарч сууна гэдэг санаснаас хамаагүй хэцүү ажил байна лээ. Нэг л мэдэхэд анхаарал бодолдоо сарнин одсон байдаг. Сайхан бодолтойгоо нийлээд хэр хол ч зугаалчихсан байдаг юм. Зарим бодол нь гунигтай, зарим бодол нь айдастай, зарим бодол нь бүүр жигшмээр байдаг. Бясалгалын гол зорилго бол энэ бүх бодолд авталгүй анхаарлаа аль болох удаан амьсгал дээрээ төвлөрүүлэх. Анхаарал төвлөрч чаддаг болсон хойно л дараа дараагийн бясалгалуудаа сайн хийж сурна тиймээс энийг заавал хийж сурах ёстой.
Гэвч бодол ганцхан анхаарал сарниулагч биш байлаа. Өдөрт 10 цаг сууна гэдэг бол үнэхээр санснаас хүнд хөлөө дараад, нуруугаа чангалаад суухаар төд удалгүй л нуруу хүзүү чилээд тэсхийн аргагүй өвдөнө. Дээр нь завилаад сууж байгаа болохоор хөл бадайраад мэдээ алдчихна. Энэ өвдөлтийг тэсээд анхаарлаа аятайхан төвлөргүүлье гэхээр гэдэсний хожигнох чимээ ямар ч анхаарлыг хага цохихоор чанга дуугарна. 6 цагаас каш өгдөг юм. Ямарч цаг байхгүй болохоор хэдэн цаг болж байгаа хэдэн минут дутуу байгааг мэдэхийн аргагүй. Дотроо хоолны хонх хурдан дугараасай гээд л хүлээгээд байж байна ккк. Хоол гэснээс хүн нүдээ аниад төвлөрөхөөр чих хамрын мэдрэмж маш их нэмэгддэг юм байна лээ. Би тэр олон хаалганы цаана байгаа гал тогооны хоолны үнэрийг үнэртээд энэ лууван шарж байна. Энэ гурвалжин будаа чанаж байна гээд мэдээд байсан. Нэг удаа бүүр ногоотой төмсний хучмал өдрийн хоолонд өгөх нь гэж таасан гээл бод. Өөрийгөө бараг юм үзэж хардаг болчихлоо гэж бодсон чинь тэр өдрөөс хойш харамсалтай нь нэг ч хоол зөв таагаагүй юм хаха. Кашны дараа өдөр 12 хүртэл үргэлжлүүлж бясалгаад 12 цагт өдрийн хоол иддэг. Ногоотой шөл, кари ч юмуу байцаатай хуурга ч юмуу 2-р хоол өгдөг. Хоолны хувьд тийм өндөр хүлээлт үүсгэх хэрэггүй болов уу. Ер нь бодож үзсэн л дээ. Энэ бясалгал ямар ч төлбөргүй бөгөөд 60 гаран бяшалгагч дээр нь Багш номын үйлчлэгч гээд 10 гаран хүнийг хооллох хоол, миний тооцоолсноор 300 гаран м2 талбайн түрээс /хэрэв түрээс бол/ түүний ашиглалтын зардал гэж тооцож үзэхэд ийм ажлыг мэддэг хүнийг хувьд хэр их санхүүгийн дарамт гэдгийг ойлгож байлаа. Хоол бол яг үнэндээ надад таалагдсан амттай санагдсан. Хамгийн гол нь би уураг суурьтай хооллолтын дэглэм бараг 2 жил барьж дассан тул 90% нь нүүрс ус суурьтай хоол ороод ирэхээр бие хямарч толгой эргэж, дотор муухайрч байсан. Энэ бүх өвдөлтийг тэсүүл бясалгалдаа төвлөрөөд аятайхан хийчмээр байдаг яахуу гэх бодол байнга эргэлдэнэ. Яг л хүмүүсийн өдөр болгон хэлдэг шалтгаан шиг. Сайхан аялмаар байгаа ч зав байхгүй эсвэл мөнгө байхгүй гэдэг шиг. Зав хүнд хэзээ ч зүгээр ирдэггүй, өөрөө цагийг гаргаж байж ирдэг шиг би энэ өвдөлтийг тэсэж байж л цааш явах нь ойлгомжтой байлаа. Чадахгүй бол тээд чацга царайлаад бууж өгнө гэсэн үг.
Анх сууж эхлэхэд Багш эхний 3 хоног хүнд шүү сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэж сануулж байсан юм. Үнэхээр сэтгэл зүйн тулаан юм байна лээ. Хүмүүс бууж өгөөд явж байхыг харсан. Надад бол явна гэсэн нэг ч удаагийн бодол төрөөгүй ч гол нь яаж давах уу гэдэг бодол л дахин дахин орж ирж байсан даа. Өдрийн хоолны дараа 1 цаг амардаг. Амрах газар нь эр эмээрээ тусдаа нийтийн давхар модон ортой том заал байх бөгөөд ор нь миний мишокноос томдох юм байхгүй. Ердөө тэр орон дээр л 10 хоног амьдарна. Өөр орон зай гэж үгүй. Дээр нь хэнтэй ч юу ч ярихгүй, ном ч байхгүй, хөгжим ч сонсохгүй... Амарж дуусаад 1 цагаас дахиад л бясалгал орой 6 цаг хүртэл үргэлжилнэ. 3 салж дундаа 5, 10 минь зайтай амраана. Нэг хэсэгт нь Энэтхэг хэлээр номын айлдвар маягийн юм хэлнэ. Манай лам нар бол дуржигнатал уншаад явчихдаг бол хэзээний дуу бүжигтээ дуртай Энэтхэгчүүд маань номоо уншихдаа дуулах юмаа. Энэ дуу нь бараг 1 цаг 30 мин үргэлжилдэг ба тэр миний амьдралдаа сонссон хамгийн чихэнд чийртэй дуу байсан. Ёстой уучлаарай. Тэр хүн мэдээж мундаг номтой мундаг хүн байсан л байх л даа. Тэгэхдээ тэр хоолой бол надад үнэхээр ядаргаатай байсан. Зүйрлүүл ямаа хэрэв дуулдаг бол яг тэгж дуулахаар. Аааййй гээл хоолой нь сөөнгөтөөл алга болчихно. За дуусчихсандаа гэж бодтой Эээййй гээл үргэлжлээд явчихна. Энэ хэсгийг яаж давна аа гэж бодоод нэг л арга олохгүй бол өдөр бүр үүнтэй тулах нь ойлгомжтой боллоо. Тэгээд сайн сонсоод байсан бас хөөрхөн ритмтэй дуулаад байгаа болтой шүү. Тэгэхээр нь нүдээ аниастай аян дээр нь бүжиглэж байна гэж төсөөлөөд овоо явж байсан чинь Багш тэндээс хөдлөхгүй суугаарай гээл чанга дуугаар хэлж байна. Тэгээл миний сэтгэлийн диско дууссан байдаг юмаа. Одоо бол тэр дууг би бараг цээжээрээ мэдийшд. KKK
Орой 6 цагаас сүүтэй будаа, мушгиа хөөсөн боов өгдөг. Шинэхэн хайрсан боовны үнэр үнэхээр шүлс асгаруулмаар. Эхний өдөр нэмж боорцог идэх хүн байвал идээрэй гэсэнд би гүйхээрээ ирж 2 сугандаа бараг нэг нэг боов хавчуулаад явж байгаан бишүү хаха. Тэгэхдээ би дандаа ийм өлөн байгаагүй шүү ккк 3 дахь өдрөөс бүх гурилаа хасаж, 5 өдрөөс оройн хоолоо хасаж 18 цагийн мацгаар сүүлийн өдрүүдийг дуусгаж чадсан байдаг юм шүү. Оройн хоолны дараа 21 цаг хүртэл үргэлжлүүлэн бясалгасаар 10 цаг гэхэд унтаж амарна. Өглөө дахиад л 4 цагаас эхлээд давтагдана. Өдөрт 10 цаг нийт 100 цагийн бясалгал хийх үнэхээр сэтгэл санаа болон биеийн чансааг шалгадаг юм байна лээ.
Бясалгалын 4 дэх өдрөөс эхлэн Випашяна бясалгал заж эхэлнэ. Энэ бясалгалын гол техник нь нөгөө 3 хоног хийж сурсан анхаарал төвлөрлөө ашиглан биедээ байгаа энергийг хөдөлгөн өөрийн биеийн бүх хэсгийг скан хийх замаар мэдрэх. Харин тиймээ анх надад сонсоход хүртэл галзуу, ямар солиотой юм яриад байнаа гэж бодогдсон. Багш хэлэхдээ хүний бие махбод бүгд атом молекулаас бүрсэн байдаг тул бүгд үүсэн устсан мөнхийн хөдөлгөөнд оршино. Тиймээс бүх зүйл мөнх бус шинж чанартай гэдэг. Анхаарал төвлөрлийг ашиглан биеийнхээ эд эс болгоныг эрэн хайж мэдэрснээр чиний сэтгэлийн гүнээс чамтай үлдсэн өнгөрсөн үеийн чинь бодлууд нэг нэгээрээ хөвөн гөрч ирэх болно. Тэр бодол бол чиний сэтгэлийн гүн дэх зовлон шаналал, хүсэл шунал бөгөөд тэдгээр бодлыг яг байгаагаар нь анзаарч түүндээ автахгүйгээр энэ мэдрэмж бол түр зуурынх би ямар нэг үйлдэл хийхгүй, зөвхөн анзаарч үүнийг өнгөрөөнө гэсэн сэтгэлийн амгалангаар хандахад тэр бодол чамаас салан одох ёстой юм байна. Тэгж бага багаар салж явсаар би сэтгэлийн амар амгаланг олж өмнө үүссэн сэтгэлийн зовлогоо бага багаар цэвэрлэх учиртай юм байна. Ингэж амар амгаланг олдог байх нь, ингэж цааш үүсэх асуудалд мэдрэмжид дарлуулахгүйгээр тэнцвэртэй шийдвэр гаргаж сурдаг байх нь. Энэ бясалгалыг үлдсэн 7 хоногт дахин дахин хийж үздэг бөгөөд мэдээж яг сонсогдож байгаа шигээ хэцүү. Өмнө нь зөвхөн амьсгал дээрээ төвлөрөх байсан бол одоо биеийн бүх эд эс дээрээ толгойноос хөлийн ул хүртэл төвлөрч мэдэрсэн бүх мэдрэмж дээр ажиллах нь байна.
Энэ галзуу сонсогдож байгаа ч дахин дахин хэдэн зуу зуун удаагийн оролдлогоор боломжтой юм гэдгийг ойлгож 10 хоногийн дараа өөрийн арьс махыг нэвтэлж өөрийнхөө зүрхийг алган дээрээ тавьж мэдэрч үзсэн байдаг юм. Яг модны мөчрөөс унжих боргоцой шиг зүрхээ маш тайвнаар лүг-лүг лүг-лүг гээд цохилж байгааг харах ямар гайхалтай байсныг үгээр илэрхийлэх аргагүй юм. Зүгээр л чи өнөөдрийг хүртэл их хичээсэн шүү гэж хэлээд үнсмээр санагдаж билээ.
Талархал
Маш олон хүнийг сэтгэлийн хэт буртгаас салгах ариун хүсэл тээж яваа Бясалгал төвийн хамт олонд гүнээ хүндэтгэл үзүүлэе
Бас намайг ийм балай юм руу чирч оруулсан Номин найзаа хүндэтгэл үзүүлье
Энэ бясалгалыг нэг удаа, зарим нь нэгээс ч олон удаа дуусгаж чадсан найз нараараа бахархаж байна.



Comments