Elbrus stabbed me in my heart
- Nunu

- Jun 8, 2022
- 6 min read
Зүрх хутгалсан Elbrus

Энэ постыг бичих гэж нэлээн хэдэн хоног эмээж нэг үгээр хэлэхэд зугтааж байж зориг гарган бичихээр болов.
Би Уул-чин хүн биш гэдгээ хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Зүгээр л аялах дуртай, шинэ зүйлс турших дуртай эмэгтэй. Миний хамгийн анхны ууланд гарсан оргил бол Алтай таван богдын Малчин оргил юм. Өнгөрсөн зун үүргэвчтэй ганцаарчилсан аялал Баруун аймгаар хийх болж нэмэлтээр хийж болох сонирхолтой зүйлс хайж байхдаа Монгол орны хамгийн өндөр цэг Хүйтний оргил байдаг юм чинь ууланд алхвал гоё юм байна даа гэж бодоод за Хүйтэн нь хашаа юмб дээ ядаж Малчин гарчхая гэж бодоод л явсан. Тухайн үед бас л өөртэйгөө нэлээн зодолдож байж гарч байж билээ. Тэр цагаас хойш Өндөр ууланд гарах ямар супер зүйл байдгийг ойлгосон. /hiking биш өндөр уулын алхалт шүү. Ялгаатай юм байна лээ ккк/
Тэгээд дараа нь өвөл цагаан сарын дараа Асралт хайрхан уул Уулчидын босго гэгддэг болохыг мэдээд 4050м дээр гарсан хүн чинь 2799м дээр гарчих л байлгүй гол нь би чинь маааш бээрэг хүн болохоор өөрийнхөө хүйтний тэсвэрийг сорьж үзэх зорилгоор аялах группд бүртгүүлчхээд ёстой нэг жинхэнээсээ нусаа хацартаа нааж байж оргил дээрээ гарч байж билээ. Буцаж ирээд халуун усанд орж байхдаа ахиж хэзээ ч ууланд гарахгүй гэж бодсон. ккк
Миний гарсан уулс бол ердөө л энэ байлаа.
Хотын амьдралын ачаалал, стресс, ялангуяа сая чинь үнийн өсөлтөөс болж ямар аймаар хараал идсэн өдрүүд тасралтгүй өрнөв өө. Одоо ч same shit
Энэ бүх ачааллаас ангижрах арга хайж байхдаа хамгийн сүүлд би хаана аз жаргалтай байлаа гэж бодоход нөгөө аймшигтай уул уруу алхаж байхдаа зөвхөн өөртэйгөө ярилцаж, тэмцэж, сонсож өөрийгөө ялж маш их эрч хүч авч байснаа ухаарсан юм. Тээд өөрийгөө өндөр ууланд алхах нь надад аз жаргал авч ирж байгааг олгож биеэ тэр тусмаа зүрхээ бэлдэж эхэлсэн билээ. За яанаа нээх их өмнөх үг болдог байна шд. Хаха бараг ном бичих нь л дээ
Crossfit-д яваад удаагүй байхад манай ангийхний танилцах болов оо. Бие биетэйгээ танилцаад байтал манай ангийн нэг залуу Уулчин болохыг мэдээд ойрын зорилгын талаар асуухад сарын дараа Elbrus явна гэж байна. Тэр үед намайг явар мангас нь хатгаад БИ ХАМТ ЯВЖ БОЛХУУ гээд хэлүүлсэн юм бүү мэд. Багийнхандаа хэлж үзье тэд авч явна гэвэл явна гэж байна. 2 өдөр хариуг нь хүлээж догдолсон юм даг. Нэг өдөр дасгал хийж байхад Чамайг авч явахаар боллоо гэхэд хийж байсан дасгал ямар хөнгөн болсон бэ, тийм их баярласан.
Тэр өдрөөс хойш 7 хоногийн 1,3,5 өдөр Cross, 2 өдөр зүүн оргил, 4 өдөр гүйж, 7 өдөр усанд сэлж яг нэг сар бэлтгэл хийсэн. Тэгсэн ч хангалтгүй байсан. Сүүлдээ айж, яг үнэндээ ядраад стрессдэж эхэлсэн. Өдөр болон шахам Elbrus уулыг судлах тусам айдаст автдаг байлаа. Хүн болгон хүсээд гарчихдаггүй, үхэл амьдрал шалгасан уул болохыг мэдсэн. Явах өдөр бүүр тулаад ирэхээр нь заза заавал оргилд нь гарах албуу даа сайхан аялаад ирье гэж өөрийгөө тайвшруулаад аялалдаа гарсан байдаг юмаа.
Би энд аяллын тэмдэглэл бичих гээгүй юм. Ууланд оргилдоход сэтгэлд үлддэг мэдрэмжийг үгээр буулгах гэж оролдож байгаа юм шүү.
Elbrus бол дэлхийн 7 тивийн хамгийн өндөр оргилын нэг болох 5642м дтд Оросын Кавказын нурууны ноён оргил юм. Манай уулын хамгийн ойр Азау тосгоны гоо сайхныг яаж бичих вэ, мөнх цаст сүрлэг сүрлэг уулс нүдэнд тулж, уулийн ус хажуугаар урсаад, тэр сэвэлзсэн цэнгэг салхи нь ямар ч сайхан зүйлтэй зүйрэлхээргүй тийм тансаг. Тосгоноос дээш Уулчидын нэрэлдэгээр Base camp уулын 3800м д байрлаж байсан юм. Ямар ч халаалт байхгүй, бохир, гадаа 00, хүйтэн байранд ярьж байхад амнаас уур гарч өдөр нь -15 градус хүйтэнд ууланд гаран гартлаа тэнд байрлаж бэлтгэлээ хийнэ гэхэд WTF, би энд юугаа хийж яваан бэ? гэж бодсоон.
Эхний дайралт
Уул шөнөдөө салхи багатай байдаг тул шөнийн 3 цагт эхний дайралтаа хийх боллоо. Харанхуйд цав цагаан өгсөхөөс өөр юу ч мэдэгдэхээргүй замаар багаа дагаад 3 цаг алхлаа, үүр цайж уулс хамгийн сайхнаараа биднийг угтаж, гоо үзэсгэлэнгээ харамгүй харууллаа. Би амьдралдаа анх удаа үүлнээс дээр алхаж үзсэн минь тэр. Яг л Диваажин гэж ийм гайхалтай газар байдаг байх даа гэж өөрийн эрхгүй бодож байлаа. 4200м-д гарлаа толгой өвдөөд, хүзүүгээр хөшөөд л байлаа. Толгойн өвдөлтийг бол тэсээд яваад байж болохоор... Удалгүй уулын дараа дараагийн сорилтууд биднийг отож байсан юм билээ. Гэдэс өвдлөө, дотор муухайраад бөөлжмөөр санагдаад болдоггүй. Багийн туршлагатай хүмүүс бөөлжиж болохгүй шүү, ямар ч тэнхээгүй болно гэж сануулсан учир бас гүрийлээ.
Толгой өвдөх, дотор муухайрахыг тэсээд огцом уулруу тамираа баран -25градусын хүйтэнд алхаж байхад бас ахиад Surprise... хөл гарын булчингаа мэдрэхгүй болоод таягаа урдаа гаргаж тавьж чадахгүй боллоо. /уул нь бид нарын таяг чинь аминдаа л онгоцны материалаар хийсэн хамгийн хөнгөн бат бөх таяг/ Энэ бүхэн өндрийн нөлөө буюу уулын маань сорилт байлаа. Хамгийн аймаар нь энэ бүхэн бүх сорилт нь биш байсан юм билээ.
5300м хүртэл бараг л чирэгдээд явлаа оргил маань харагдаад байдаг, зам ч илүү огцом ангалтай нарийн болоод байдаг. Яг тэр үеэр би нэг хөлөө далий тавиад бүдрээд СЭРЛЭЭ. ямар чөтгөр нь вэ? Би явж байхдаа унтчихаж байгаа юм уу... Өөрөө бүүр гайхаад жоохон амрах гээд суухад нүд шууд анилдаад зовхио даахаа больсон. 60% ийн хүчилтөрөгчтэйгөөр 7 цаг алхжээ. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасаад бие маань энэ бүх зовлонг даахгүй болзсоныг би ойлголоо. Ахиад нэг л удаа унтвал би далы гишгээд доош ангалруу унана гэдгээ ойлгосон. Ахиад 342 хон метр ч гэлээ 1 секунд ын дараа ч үхэж магадгүй байлаа. Би энд үхмээргүй л байна шдээ. Амьдармаар л байна шдээ...

Манайхаан би цааш явж чадахгүй нь ээ гэж хэлэхэд багийн ахлагч маань үд болчихлоо бид нар шуурганаас өмнө оргилдож чадахгүй юм байна. Буцъя гэдэг юм даа. Сонссон хамгийн сайхан үг тэр байсан байх аа. Бацаанууд болоогүй байна бэлдэж байгаад буцаад ир гэж Уул маань хэлсэн байсан юм билээ. Буцаад байрлуугаа огцом уруугаар тамирдсан биеээ аваад 5 цаг хөл гараа орооцолдуулан алхлаа гэж... Сайхан өндөр авалтын бэлтгэл хийлээ. Сайхан гарууд эхнийхээ дайралтаар Оргилдоно гэж мөрөөдсөн байдаг шүү.

Хоёр дахь дайралт
Энэ удаад бид Base camp-аа арай сайжруулаад дулаалгатай контейнерт орсон байсан. Гэнэт хөндлөн юм дурсахаас. Асралт хайрхан гараад бууж байхад манай хөтөч авч явсан түлээгээ үлдсэнийг нь бүгдийг нь хуурай байг гэж хучаад дараагийн хүмүүс даарвал түлнэ биз гээд үлдээж байхад нь хөлдөхөө шахсан би хараад зогсож байсан билээ. Уулчин хүмүүсийн Уул шигээ агуу сэтгэл юм байна гэдгийг ойлголоо. 2 дахь Base camp дээр өмнө нь буугаад буцсан хүмүүс бүх хүнсээ үлдээгээд явжээ. Цасаар шуурвал эндээ хэд ч хонох магадлалтай учир хүнс бас л чухал зүйл. Орондоо ороод дээш харсан чинь нэг цаас байж байна. Дээр нь зүрхний эм гэж бичжээ. Бас нэг орны толгойд ариун цэврийн хэрэгслээ үлдээгээд явж. Аргагүй л зовлон үзсэн хүмүүс байна даа. Уулчин хүмүүс Уул шигээ уужим сэтгэлтэй болдгийг ойлгосон юм.
Ахиад л шөнө дайрна. Шөнийн 3 цагт ууланд очиход 55км/цаг шуурга угтаж авлаа. 30 минь дотор бүх бие бээрээд, өмнө нь үзсэн зовлон амтагдаад яг үнэндээ айгаад багийн 2 эмэгтэй /нэг нь Би шдээ/ Бид 2 чадахгүй нь ээ гээд бууж өглөө. Та 5 маань бид 2 гүйгээр оргилдчих, бид 2 буцлаа гээд Трактор дуудаад Base camp руугаа явлаа. Үүрийн 5 цагт өнөөх контенертаа ирээд бээрсэн биеэ бүлээцүүлэхээр мишокондоо ороод цаг гаран хэвтлээ, бие огт дулаацахгүй. Унтаж ч чадахгүй, уур хүрээд, тийм хурдан бууж өгсөндөө өөрийгөө хараагаад, шар гозойгоод ккк Нөгөө эмэгтэйдээ хүүе хоёулаа араас нь явая гэсэн яаж гүйцэх юм бээ, гэж байна. Би бусадтайгаа холбогдоод салхи намдсан байгааг мэдэх гэж нийлээн хэдэн удаа залгаад цаг гаран оролдоод багийнхаа ахтай холбогдтол Салхи намдаагүй ээ. Улам ширүүсэж байна. Бид бууж байна гэж байна. Манайхан уваж цуван орж ирлээ. Багийн ахлах, багийн клубын ахлах хоёр түрүүлээд ороод ирлээ. Би салхи намдсан бол араас чинь очих гэж байлаа гээд яриад сууж байсан чинь Багийн ахлах маргаашаас эхлээд 5 хоног цасаар шуурах юм байна. Бүгдээрээ ахиад гаръя гэж байна. Би орноосоо год үсэрч босоод Now or Never гэж дотроо хэлээд үнэхээр урам зоригтой хувцаслаж эхэлсэн.

Сүүлийн дайралт
Манай багийн сүүлийн 3 гишүүн орж ирэхэд нь бид 4 аль хэдийн ахин дайрахаар шийдсэн, за ахиад явая өөр өдөр алга, нөгөө хэд бүүр гайхаад наад шийдвэрийг чинь манай охид-ууд дэмжээд байгаа юм уу гэнээ. Ккк дэмжээд байнаа ялангуяа нөгөө охид-ууд чинь... Шөнөөс хойш өглөөний 8 цаг хүртэл алхаад ирсэн залуусаа аваад гурав дахь удаагаа дайрахаар гарцгаалаа.
Энэ удаад өндрийн нөлөөнд овоо дасжээ. Багийн гишүүд бүгд алхах арга барилаа олцгоожээ. Яг нөгөө савж унах гэж байсан ангалын захаар дажгүй яваад гарлаа. Хадан зохион дээр багаараа сууж амрахдаа шөнө авч гарсан хиамтай талхаа бүгд гаргаж идлээ. Идэх ч гэж дээ... хөлдсөн талх бяслаг, хиамныхаа захаас хазаад хүлхэлээ. Анхны хөлдүү хиаман зайрмаг ккк ямар амттай байсан гээч... нэг талх идэж аваад бүгд сайхан эрч хүч аваад босоцгоолоо.

Бүгд ядарчээ, салхины хүч 65км/цаг дээшлэх тусам илүү ширүүсээд. Бүгд бие биенийхээ нурууны ард нөмөрлөөд яг л жаран хөлт шиг аажим аажмаар удаан жигд алхаж байлаа. Хажуу тийш 50см аас цааш юу ч харагдахгүй шуурч, урд өмнө яваа хүний үүргэвч яг нүүр тулна. Юу болоод байгааг, хаана явж багаа талаар ямар ч баримжаа алга. Гэнэт л урд явсан хүмүүс шууд муураад унах шиг боллоо. Оргилдсон байна. Би ч бас шууд л тэрийж унаад хангинатал уйлсан. Ямар их үнэ цэнээр олдсон цаг мөч вэ, Ямар сайхан мэдрэмж вэ, Ямар сайхан тайвширал вэ...
5 хоног УУЛЧИН гэдэг нэрийг зүүж явах ямар нэр төрийн хэрэг байв аа. Хэдий 5 хан хоног ч гэлээ хязгааргүй аз жаргалтай өдрүүд байлаа. Уулчин хүмүүсийн агуу сэтгэл, багийн ажиллаа төлөвлөгөө, цаг үеэ олсон огцом галзуу зоригтой шийдвэрүүдээс суралцаж ахин нэг өөрийнхөө өөр талыг олж нээлээ.


Сүүлийн дайралтаар надад нэг ч удаа Би чадахгүй нь ээ гэсэн бодол орж ирээгүй бөгөөд сэтгэл зүрх минь аль хэдийнээ ОРГИЛДСОН байсан билээ.
Миний зүрхийг Elbrus хутгалаад шарх үлдээсэн. Би тэр шархны сорьвоор үргэлж гоёж явах болно.
Elbrus Европын ноён оргилд 5642м дтд 2022/05/18 13:43мин
Багийн бүх гишүүддээ хүндэтгэл үзүүлье




Comments